Өрөг буюу зурхайгаас есөн тохой /4.72 метр/ зайнаас шагайчид харвадаг. Зурхайн голд тавьсан хясааг онох ёстой. Харвах хэрэгслийг хашлага, сум гэнэ. Хашлаган дээр сумаа тавьж байгаад нясалж харвана. Хамгийн анх далны ясан дээрээс шагай нясалдаг байж л дээ. Эндээс шагайн харваа хэмээн нэршиж заншсан болов уу. Хашлагыг халуун оронд ургадаг хар сэндэм, цагаан зандан модоор, сумыг нь яшил, хар суман, бугын эвэр, зааны ясаар хийдэг аж.
Харваачдын баг долоон тоглогчтой, зургаа нь харвана. Нэг багтай 80 минут орчим тоглох юм. Тэгэхээр багууд тойргоор өрсөлдөхөд харваачид өдөрт 10 цагийн турш сууж тоглох болно. “Шагай харваж байгаа хүнд зайлшгүй чанар бол тэвчээр, мэдрэмж хоёр юм” гэж үлэмж дархан мэргэн, спортын мастер, Булган аймгийн шагайн холбооны тэргүүн Д.Гансүх хэлжээ.Харваач тоглож байгаа орчин, нөхцлөө мэдэрч, сэтгэл хөдлөлдөө бус оюун ухаандаа захирагдаж чаддаг байх нь энэ наадгайн амин сүнс аж.Сум тавихаас өмнө харваач өрсөлдөгчийнхөө басамжилсан харц гэхчлэн аар саар бэрхшээлийг мартах учиртай. Энэ үед өрөг хүртэлх орон зайг тооцоолж, биеийн тэнцвэр, хурууны эвслээ олсон байна. Шагайн харваа нэг төрлийн бясалгал, дотоод сэтгэлгээний өрсөлдөөн гэлтэй. “Шагайчид ширүүн өрсөлддөг ч бие биенээ хүндэтгэж эрэмбэтэй нааддаг. Хийморь лундаа сэргээдэг, цагаан мөртэй тоглоом юм шүү дээ” гэж үлэмж дархан мэргэн өгүүлсэн.